logo

Contract

Улаанбаатар хот
№ЗГ

Энэхүү ЦАХИМ ЗЭЭЛИЙН ЭРХ НЭЭХ ГЭРЭЭ /цаашид “Гэрээ” гэх/-г Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн,

Нэг талаас регистрийн 5963834 дугаартай “Соломон Инвестментс ББСБ” ХХК болон М Кредит аппликэйшны цахим зээлийн платформоор дамжуулан зээл олгогч санхүүгийн байгууллагууд (цаашид хамтад нь “ ЗЭЭЛДҮҮЛЭГЧ“ эсхүл “ЗЭЭЛ ОЛГОГЧ” гэх)

Нөгөө талаас ....................................... хаяг оршин суух ....................................... овогтой ....................................... /РД: ....................................... /, Цахим шуудан (e-mail): ....................................... (цаашид “ЗЭЭЛДЭГЧ” гэх) нар (хамтад нь“Талууд”гэх) “М Кредит /М Credit/” аппликэйшнд бүртгүүлсэн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн, харгалзан үзэж, Талууд дараах заасан нөхцөл, болзлоор хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр байгуулсан болно.

  1. НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1. 1.1. Энэхүү гэрээ нь зээл авах зорилгоор “М Кредит” аппликэйшнаар дамжуулан Зээлдэгчид зээлийн бүтээгдэхүүн санал болгох, зээлийн эрх нээх, нээсэн эрхийн хэмжээнд Зээл олгох, тэдгээртэй холбоотой бусад үйлчилгээ (цаашид “зээлийн үйлчилгээ” гэх)-г үзүүлэхэд Талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
    2. 1.2. Энэхүү гэрээ нь Зээлдүүлэгчээс хэрэглэгчдэд санал болгосон цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийн дагуу Зээлдэгчид цахим зээлийн эрх нээх, Зээлдэгчийн хүсэлтийн дагуу цахимаар зээл олгох, Зээлдэгч нь авсан зээлийг түүний хүү, шимтгэлийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх, төлөхгүй бол зээлийг зээлдэгчийн ирээдүйд олох цалин хөлс, бусад орлогыг барьцаалан түүгээр үүргийг хангуулахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
    3. 1.3. Зээлдэгч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлдүүлэгч нь Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан журмын дагуу зээлийн үүргийг хангуулна.
    4. 1.4. Гэрээний дагуу Зээлдэгч нь өөрийн хүсэл зорилгын дагуу “М Кредит” аппликэйшн (цаашид “Аппликэйшн” гэх)-д хэрэглэгчээр бүртгүүлж, дан системээр нэвтэрч хувийн мэдээллээ баталгаажуулах бөгөөд зээлийн эрх нээх шалгуурыг хангаж байгаа тохиолдолд зээлжих эрхээ тогтоолгон, Зээлдүүлэгч эсхүл аппликэйшнаар дамжуулан санал болгосон санхүүгийн байгууллагаас сонгон санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамрагдахтай холбоотой талуудын хооронд үүсэх эрх, үүргийн харилцааг зохицуулна.
    5. 1.5. Зээлдэгч нь Зээлдүүлэгчээс хэрэглэгчдэд санал болгосон цахим зээлийн үйлчилгээнд заасан хугацаа, хэмжээний хүрээнд Зээлдүүлэгчээс тогтоосон хүүтэйгээр олон давтамжтай зээл авах эрхтэй. Зээлдэгч нь тухай бүрд авах зээлийн бүтээгдэхүүн, хэмжээ болон хугацааг Аппликэйшнаас сонгон хүсэлт илгээх бөгөөд зээл олгогдсон тохиолдолд зээлийн мөнгөн дүн нь Зээлдэгчийн дансанд олгогдох, эсхүл бараа, үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх ба Зээлдэгчийн сонгосон үйлчилгээний нөхцөлийг Аппликэйшн дээр харуулна.
  2. ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
    1. 2.1. Энэхүү гэрээнд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    2. 2.1.1. “М Кредит” гэж дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн, Зээлдүүлэгчийн оюуны өмч, зохиогчийн эрхээр хамгаалагдсан, хэрэглэгч ухаалаг утсандаа татан авч суулган Зээлдүүлэгчээс зээл авах, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх болон Зээлдүүлэгчээс санал болгож буй бусад үйлчилгээг авах үйлдлийг гүйцэтгэх цахим программ хангамжийг”;
    3. 2.1.2. “Цахим зээл” гэж Зээлдэгчийн М Кредит аппликэйшнд илгээсэн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликэйшнаар дамжуулан зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн шалгуур хангасан хэмжээгээр зээлийг түүний дансанд олгох нөхцөлтэй, тодорхой хугацаа, хүү, шимтгэлтэй зээлийн бүтээгдэхүүнийг ойлгоно;
    4. 2.1.3. “Magic зээл” гэж зээлдэгчийн зээлийн түүх, зээлийн оноо (FICO эсвэл Бүрэн) бүрдүүлэх зорилготой, богино хугацаатай, бага дүнтэй, 0% хүүтэй (хүүгүй), олголтын шимтгэлтэй зээлийн бүтээгдэхүүнийг ойлгоно.
    5. 2.1.4. “Цахим зээлийн хүсэлт” гэж Зээлдэгч Аппликэйшнаар дамжуулан Зээлдүүлэгчээс Зээл авах хүсэл зоригоо илэрхийлэн шаардлагатай мэдээллийг өөрөө оруулж, Цахим зээлийн эрх нээлгэхээр хүсэлт гаргасныг, эсхүл зээлийн гэрээ байгуулсан Зээлийн эрх бүхий Зээлдэгчийн хувьд Зээлдүүлэгчийн зээлийн бүтээгдэхүүн хэмжээ, хугацаа, эргэн төлөх нөхцөл зэргийг сонгон Зээл авахаар хүсэлт илгээснийг;
    6. 2.1.5. “Цахим зээлийн эрх” эсхүл “Зээлийн эрх” Зээлдэгчийн скоринг оноо болон/эсвэл бусад холбогдох мэдээлэлд үндэслэн Зээлдүүлэгчээс тогтоосон, Зээлдэгчид олгох боломжтой нийт зээлийн дээд хэмжээг;
    7. 2.1.6. “Зээл олгогч санхүүгийн байгууллага” гэж М Кредиттэй “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, М Кредит аппликэйшны цахим зээлийн платформоор дамжуулан зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ болон зээл олгох эрхтэй этгээдийг;
    8. 2.1.7. “Хэрэглэгч” гэж М Кредит аппликэйшныг татаж хэрэглэгчээр бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн этгээдийг;
    9. 2.1.8. “Зээлдэгч” гэж “ зээлийн эрх нээх цахим гэрээ” –г байгуулж, ББСБ-ын дотоод дүрэм, журмын шаардлага хангасан, цахим зээлийн эрх нээсэн Монгол улсын иргэн 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хэрэглэгчийг;
    10. 2.1.9. “Зээлийн нийт төлбөр” гэж зээлийн үндсэн төлбөр, шимтгэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрийг;
    11. 2.1.10. “Зээлийн хүү” гэж зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөрийг;
    12. 2.1.11. “Нэмэгдүүлсэн хүү” гэж зээлийг төлбөл зохих хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиар тооцох төлбөрийг;
    13. 2.1.12. “Зөвшөөрөх үйлдэл” гэж Зээлдэгч нь Аппликэйшн болон бусад цахим сувгаар зээлийн бүтээгдэхүүн сонгох, цахим зээлийн хүсэлт илгээх, зээл авах, эргэн төлөх болон түүнтэй холбоотой үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн цахим үйлдлийг;
    14. 2.1.13. “Зээлийн эргэн төлөх хуваарь” гэж Зээлдэгчийн авсан зээлийн нөхцөлд заасан зээлийн эргэн төлөх огноо, төлөх дүнг тогтоосон хуваарийг;
    15. 2.1.14. “Скоринг оноо” гэж Хэрэглэгчийн мэдээлэлд үндэслэн, хиймэл оюун ухаанд суурилсан тусгай арга аргачлалаар зээлжих чадварыг үнэлж тогтоосон Зээлийн эрсдэлийн үнэлгээг;
    16. 2.1.15. “Хур систем” гэж олон улсын жишигт нийцсэн, найдвартай ажиллагаатай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр хүргэхэд зориулсан төрийн мэдээлэл солилцооны системийг;
    17. 2.1.16. “Дан систем” гэж цахим орчинд тухайн иргэнийг таньж, баталгаажуулах зорилготой, өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг;
    18. 2.1.17. “Үйлчилгээний шимтгэл” гэж энэхүү Гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцсон, зээл олгохоос эргэн төлөх хүртэл үйл ажиллагаанд программ хангамж, технологийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Зээлдэгчдэд зээл олгох үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг.
  3. ГУРАВ. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
    1. 3.1. Цахим зээлийн нөхцөл
    2. 3.1.1. Зээлдүүлэгчээс олгох цахим зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зээлийн хугацаа, нөхцөлөөс хамаарч өөр өөр нэршилтэй байж болох бөгөөд Зээлдэгч нь өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохирох зээлийн бүтээгдэхүүнийг Аппликэйшнаар дамжуулан сонгоно.
    3. 3.1.2. Зээлжих эрхийг тогтоохдоо Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн хүсэлтийн дагуу ирүүлсэн мэдээлэл болон холбогдох мэдээллийн сан, системүүдээс авсан мэдээлэлд үндэслэн Зээлдэгчийн скоринг оноо болон бусад шалгуур үзүүлэлтэд тулгуурлан үнэлгээ хийнэ. Зээлдүүлэгч нь энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн Зээлдэгчид цахим зээлийн эрх нээх, эсхүл бусад нөхцөл, шалгуур бүхий зээлийн бүтээгдэхүүн (үүнд “Magic зээл” хамаарна)-ийг санал болгох эрхтэй.
    4. 3.1.3. Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн зээлийн эрхийн ашиглалт, зээлийн эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн Зээлдэгчийн цахим зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл хязгаарлах эрхтэй.
    5. 3.1.4. Зээлдэгчид тогтох боломжтой дээд эрхийн дүнг Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ. Зээлдэгчид тогтох боломжтой дээд эрхийн хэмжээ нэмэгдэх бүрд Зээлийн эрхийг шинэчилнэ.
    6. 3.1.5. Зээлдэгч нь Зээлдүүлэгчид хүсэлт гарган зээлийн эрхийг түр хаалгах, эсхүл буцаан сэргээх хүсэлт гаргах эрхтэй. Зээлийн эрхийг түр хаалгах хүсэлт гаргасан нь энэхүү Гэрээний эрх үүрэг талуудын хувьд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эрхийг сэргээж болно.
    7. 3.1.6. Зээлдэгч нь зээлийн нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй бөгөөд ба ойлгомжгүй, нэмж тодруулах шаардлагатай асуудал гарсан тохиолдолд Аппликэйшн дахь холбоо барих дугаараар зээлдүүлэгчийн ажилтантай холбогдож мэдээлэл авах боломжтой. Ийнхүү тодруулга аваагүй нь зээлийн нөхцөлтэй бүрэн танилцаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
    8. 3.1.7. Зээлийн хэмжээ ба хугацаа
    9. 3.1.7.1. Зээлдэгчийн зээл авах эрхийн доод хэмжээ нь 50,000 (тавин мянга) төгрөг, дээд хэмжээ нь Зээлдэгчийн зээлжих эрхийн дээд хэмжээгээр хязгаарлагдана.
    10. 3.1.7.2. Зээлдэгч зээл авах тухай бүрд өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан зээлийн бүтээгдэхүүн, хэмжээ болон хугацааг Аппликэйшнаас сонгоно. Хугацааны хувьд зээлийн бүтээгдэхүүн, хэмжээнээс хамаарч 7 хоногоос 12 сар хүртэл байна.
    11. 3.1.7.3. Зээлдэгчид олгосон зээлийн хугацаа нь зээлдэгчийн энэхүү гэрээний дагуу М Кредит аппликэйнээр дамжуулан зээлдүүлэгчид илгээсэн цахим зээлийн хүсэлтийн дагуу баталгаажиж, олгосон зээлийг бүрэн эргэн төлөхөөр заасан хугацаа байна.
    12. 3.1.8. Үйлчилгээний шимтгэл
    13. 3.1.8.1. Энэхүү гэрээний 3.1-т заасан цахим зээлийн бүтээгдэхүүний хувьд зээл олгохоос эхлэн бүрэн эргэн төлөгдөх хүртэлх үйл ажиллагаа нь программ хангамж, технологийг ашиглан гүйцэтгэх тул Зээлдэгч нь зээлийн дүнгийн 1 (нэг) хувьтай тэнцэх үйлчилгээний шимтгэлийг Зээлдүүлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
    14. 3.1.8.2. Энэхүү шимтгэлийг зээл, хүү эргэн төлөхдөө хамтатган төлнө.
    15. 3.1.9. Зээлийн хүү
    16. 3.1.9.1. Зээл авах тохиолдол бүрээс хамааран хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн бүтээгдэхүүний төрөл, нөхцөл, хугацаа, зээлийн дүнгээс хамаарч зээлийн хүүгийн хэмжээ тогтоогдох бөгөөд зээлийн нөхцөл, хүүгийн хэмжээ, эргэн төлөх хугацааг зээл авах тухай бүрд аппликэйшнаар санал болгох бөгөөд зээлдэгч түүнийг баталгаажуулснаар зээл олгогдоно. Зээлийн нөхцөл нь Энэхүү зээлийн эрх нээх гэрээний салшгүй хэсэг байна.
    17. 3.1.9.2. Зээлдүүлэгч нь зээлийн хүүг 0% – 9% хооронд тогтоож, зээлдэгчдэд мэдээлнэ. Зээлийн хүү нь зээлдэгчийн скоринг оноо болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн, зээлийн бүтээгдэхүүн, хугацаа, дүнгээс хамааран энэхүү доод ба дээд хязгаарын дотор тооцогдоно.
    18. 3.1.9.3. Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд тооцох нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн үндсэн хүүгийн 20 (хорин) хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно.
    19. 3.1.9.4. Зээлдэгч зээлжих эрхийн хэмжээнд ямар ч давтамжтай зээл авч болно. Зээл авах бүрд тухайн зээлийн дүнд ногдох хүүг ашигласан хугацаагаар тооцно.
    20. 3.1.9.5. Зээлдэгч зээлийн хүсэлт илгээх, зээл авах бүрд тухайн зээлд ногдох зээлийн хүүгийн хэмжээг, авсан зээлээ эргэн төлөх хэлбэрээс хамаарч шимтгэлийг тус тус аппликэйшнд тодорхой харуулна.
    21. 3.1.9.6. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг аппликэйшнаар өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргалдах журмаар эргэн төлөхийг зөвшөөрсөн болно.
    22. 3.1.9.7. Зээлдэгч зээлийн хүсэлт илгээж, өөрийн эзэмшлийн банкны харилцах дансанд зээлийг хүлээж авснаар зээлийн хүү, шимтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашигласан хугацаанд ноогдох зээлийн нийт төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
    23. 3.1.10. Зээл олгох
    24. 3.1.10.1. Зээлдэгч нь энэхүү Гэрээний хугацаанд зээлийн дээд эрхийн хүрээнд олон удаагийн давтамжтай зээл авах эрхтэй ба Аппликэйшныг ашиглаж, өөрийн зээлийн дээд эрхийн хүрээнд тухай бүр ашиглах зээлийн хэмжээ, хугацааг сонгож, түүнд ногдох хүү бусад нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр цахим хэлбэрээр зээлийн хүсэлт илгээх ба энэхүү хүсэлтийг Зээлдэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр саналд тооцно.
    25. 3.1.10.2. Зээлдэгчид олгох зээлийн мөнгөн дүн нь түүний өөрийн зээлийн эрхийн хүрээнд илгээсэн зээлийн хүсэлтийг Зээл олгогчоос баталгаажуулж, шилжүүлсэн мөнгөн дүн байна.
    26. 3.1.10.3. Зээлийг зээлдэгчийн нэр дээрх банкны харилцах данс руу шилжүүлсэн өдрөөр зээлийг олгосонд тооцно.
    27. 3.1.10.4. Зээлдэгч нь 24/7 буюу 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн аль ч хугацаанд шаардлагатай үедээ Аппликэйшнаар дамжуулан зээлийн хүсэлтийг илгээх замаар зээлийн эрхийн хүрээнд олон удаагийн давтамжтай зээл авч болно. Зээлдэгч нь авсан зээлийн аль нэгийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хоцорсон нөхцөлд, уг зээлийн эргэн төлөлтийг хийж, зээлийг бүрэн хааж дуусах хүртэл нэмж зээл авах эрхгүй байна.
    28. 3.1.10.5. Зээлдэгч нь өөрийн зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийн хэмжээ, хугацаа, хүүгийн хэмжээ, бусад нөхцөлийг аппликэйшнаар дамжуулан харах бөгөөд зээлийн нөхцөл аппликэйшнд хадгалагдана.
    29. 3.1.11. Зээлийн эргэн төлөх нөхцөл
    30. 3.1.11.1. Зээлдэгч нь зээлийг Аппликэйшнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу холбогдох хүү, эргэн төлөх арга хэлбэрээс хамаарч шимтгэлийн хамт эргэн төлнө.
    31. 3.1.11.2. Зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн нь хүү, шимтгэлийн хэмжээ, эргэн төлөх анхны нөхцөл өөрчлөгдөх үндэслэл болохгүй.
    32. 3.1.11.3. Зээл олгосон болон зээлийн хүү тооцогдож эхлэх хугацааг дараах байдлаар тодорхойлно:
    33. (а) хэрэглээний зээлийн хувьд зээлийн мөнгийг зээлдэгчийн дансанд олгосон өдрийг зээл олгосон өдөрт тооцож, уг өдрөөс эхлэн зээлийн хүү бодогдоно;
    34. (б) худалдан авалтын зээлийн хувьд хэрэглэгч тус үйлчилгээг ашигласан өдрөөс эхлэн зээлийн хүү бодогдох, хүүгүй нөхцөлтэй зээлийн хувьд хүүгүй ашиглах хугацаа дууссаны дараах өдрөөс зээлийн хүү бодогдоно. Зээлдэгч нь уг шилжүүлгийг зээлийн мөнгийг бүрэн хүлээн авсантай адилтган үзэхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
    35. 3.1.11.4. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хийхдээ Зээлдүүлэгчийн тогтоосон зааврын дагуу гүйцэтгэх бөгөөд хэрэв заавар өөрчлөгдсөн бол Зээлдүүлэгч нь энэ тухай аппликэйшнаар болон бусад хэлбэрээр дамжуулан мэдэгдэж байна.
    36. 3.1.11.5. Зээлдэгч аппликэйшнд өөрийн банкны картыг холбож банкны картаар зээл эргэн төлөх сонголтыг аппликэйшнаар хийж зөвшөөрөл өгсөн тохиолдолд Зээлдүүлэгч зээлдэгчийн холбосон банкны карт /данс/-аас зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг үл маргах журмаар суутган, төлүүлнэ.
    37. 3.1.11.6. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, шимтгэл, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлж барагдуулна.
    38. 3.1.12. Зээлийн хуваарьт төлөлтийн хугацаа сунгах
    39. 3.1.12.1. Зээлдэгч өөрийн авсан зээлийн хугацааг Зээлдүүлэгчийн үйлчилгээний нөхцөл, холбогдох журмын дагуу сунгах боломжтой.
    40. 3.1.12.2. Зээлдэгч нь зээлийн хугацааг сунгахдаа зээлийн хүү, шимтгэл болон үндсэн зээлийн тодорхой хувийг төлснөөр аппликэйшнд мөрдөгдөж буй нөхцөлөөр автоматаар сунгагдана. Зээлдэгч нь хугацаа сунгах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн хугацаа сунгах хүсэлттэй холбогдуулан 1 /нэг/ хувийн шимтгэлийг төлөх үүрэг хүлээх бөгөөд шимтгэлийг зээл, зээлийн хүүгийн хамт төлнө.
    41. 3.1.12.3. Зээл сунгах нөхцөл нь аппликэйшнд мөрдөгдөж буй нөхцөлөөр сунгагдана.
    42. 3.1.12.4. Зээл сунгах, эс сунгах нөхцөлийг зээл олгогч нь өөрчлөн тогтоож болох ба энэ талаар зээлдэгч нь боломжит сувгуудаар дамжуулан мэдэгдэнэ.
    43. 3.2. Magic Зээлийн нөхцөл
    44. 3.2.1. Зээлийн оноо (FICO эсвэл Бүрэн) нь гуравдагч этгээдийн (зээлийн мэдээллийн сан, скорингийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага) боловсруулж, тогтоодог үнэлгээ бөгөөд Зээлдүүлэгч нь уг оноог зөвхөн мэдээллийн зориулалтаар ашиглана.
    45. 3.2.2. Зээлдэгчийн зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноо нэмэгдэх, буурах, өөрчлөгдөх эсэх нь гуравдагч этгээдийн үнэлгээний аргачлал болон Зээлдэгчийн зээлийн түүхээс хамаарах бөгөөд Зээлдүүлэгч нь үүнтэй холбоотой аливаа үр дүнгийн талаар хариуцлага хүлээхгүй.
    46. 3.2.3. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноо бүрдээгүй, эсхүл зээлийн шалгуурт хүрээгүй хэрэглэгчдэд зориулан бусад зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож болно. “Magic зээл”-ийн нөхцөл нь энэхүү 3.1-д заасан нөхцөлөөс өөрөөр зохицуулагдана.
    47. 3.2.4. “Magic зээл” нь зээлдэгчийн зээлийн түүх бүрдүүлэх, зээлийн сахилга бат үнэлэх зорилготой бөгөөд зээлдэгч зээлийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд зээлдэгчийн скоринг (FICO эсвэл Бүрэн) оноонд эергээр нөлөөлөх боломжтой.
    48. 3.2.5. “Magic зээл”-ийн үндсэн нөхцөл:
    49. 3.2.5.1. Зээлийн дээд хэмжээ: 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүртэл;
    50. 3.2.5.2. Зээлийн хугацаа: 14 (арван дөрөв) хоног;
    51. 3.2.5.3. Зээлийн хүү: 0% (хүүгүй);
    52. 3.2.5.4. Олголтын шимтгэл: 10,000 (арван мянга) төгрөг;
    53. 3.2.6. Зээлдэгч нь “Magic зээл”-ийн шимтгэлийг зээлийн үндсэн төлбөрийн хамт эргэн төлөх үүрэгтэй.
    54. 3.2.7. Зээлдэгч Magic зээлийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд зээлдэгчийн зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноо нэмэгдэх боломжтой бөгөөд зээлдүүлэгчийн тогтоосон босго оноонд хүрсэн тохиолдолд бусад зээлийн бүтээгдэхүүн авах эрх үүсэж болно.
    55. 3.2.8. Зээлдэгч Magic зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний нэмэгдүүлсэн хүү, хариуцлагын заалтууд нэгэн адил үйлчилнэ.
    56. 3.2.9. Зээлдэгч нь Magic зээлийн шимтгэл нь зээлийн үйлчилгээ үзүүлсний төлбөр болохыг ойлгож, уг шимтгэл нь зээлийн хүү биш болохыг хүлээн зөвшөөрнө.
    57. 3.2.10. Зээлдүүлэгч нь Magic зээлийн нөхцөл, шалгуур, шимтгэлийн хэмжээг зах зээлийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээнээс хамааран өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тухай аппликэйшнаар дамжуулан мэдэгдэнэ.
    58. 3.2.11. Magic зээлийн хугацаа хоцорсон нөхцөлд тухайн зээлийг бүрэн төлөх хүртэл нэмж зээл авах эрхгүй бөгөөд зээлдэгчийн зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноонд сөргөөр нөлөөлж болох бөгөөд зээлийн эрх хязгаарлагдах, буурах үр дагавартай болно.
    59. 3.2.12. Зээлдэгч нь Magic зээлийг аппликэйшнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөр болон шимтгэлийн хамт хугацаанд нь төлөх үүрэгтэй.
    60. 3.2.13. Magic зээл нь хугацаанд нь төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн тухайн зээлд сарын 8 (найм) хувийн үндсэн хүү тооцогдоно. Нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээнд заасан журмын дагуу дээрх үндсэн хүүд үндэслэн тооцно.
    61. 3.2.14. Зээлдэгч нь Magic зээлийг бүрэн төлж дуусгасан тохиолдолд дахин Magic зээл авах, эсхүл зээлдүүлэгчийн тогтоосон шалгуурт хүрсэн бол бусад зээлийн бүтээгдэхүүн авах боломжтой.
    62. 3.2.15. Зээлдүүлэгч нь зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноог тодорхойлох, тооцоолох, өөрчлөхөд оролцохгүй бөгөөд зөвхөн тухайн оноонд үндэслэн зээлийн бүтээгдэхүүн санал болгох, шийдвэр гаргах зорилгоор ашиглана.
  4. ДӨРӨВ. ЗЭЭЛДЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ.
    1. 4.1. Зээлдэгч дараах эрхтэй:
    2. 4.1.1. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор өөрийн одоогийн эрхийн хэмжээнд Аппликэйшнд зээлийн хүсэлт илгээж зээл авч, зээлийн мөнгөн хөрөнгийг Зээл олгогчтой тохирсон нөхцөл, хугацаагаар ашиглах;
    3. 4.1.2. Гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн зээл байхгүй нөхцөлд дахин зээл авах, Зээл олгогчоос санал болгох урамшуулалд хамрагдах;
    4. 4.1.3. Зээл олгогчоос тогтоосон шалгуурын дагуу зээлжих эрхээ нэмэх, хүү буулгах эсхүл Зээл олгогчоос санал болгосон бусад нөхцөлийг ашиглах;
    5. 4.1.4. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Зээл олгогчоос шаардах;
    6. 4.1.5. Хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан бусад эрх.
    7. 4.2. Зээлдэгч дараах үүрэгтэй:
    8. 4.2.1. Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн төлбөрийг, түүнд ногдох хүү, шимтгэлийн хамт үл маргах журмаар зөвхөн байгууллагын нэрийн данс руу төлөх;
    9. 4.2.2. Зээлийн хуваарьт дүн, түүнд ногдох зээлийн хүү, шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хэтэрсэн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх;
    10. 4.2.3. Зээлдэгч нь аппликэйшнд оруулсан өөрийн аливаа мэдээллийг буруу, дутуу, алдаатай оруулсан, зээлийн хэмжээ, хугацаа, хүү, шимтгэл зэрэг цахим зээлийн хүсэлт илгээх үеийн мэдээллийг хянаагүй, эсхүл цахим зээлийн хүсэлтийг санамсаргүй байдлаар давхар илгээсэн зэргээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бүрэн хариуцах;
    11. 4.2.4. Аппликэйшнд нэвтрэх нууц үг, гүйлгээний пин кодын нууцлалыг чанд хадгалах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
    12. 4.2.5. Аппликэйшнд нэвтрэх нэр нууц үг, гүйлгээний пин кодыг бусдад алдсан, бусад этгээд нэвтэрсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд нэн даруй Зээл олгогчид утсаар, эсхүл үйлчилгээний салбарт өөрийн биеэр ирж мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах;
    13. 4.2.6. Аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний пин кодын нууцлалыг өөрийн буруугаас үүдэн алдах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулснаас үүдэн гарах аливаа эрсдэлийг өөрөө бүрэн хариуцах;
    14. 4.2.7. Зээлдэгч нь М Кредит аппликэйшн суулгасан гар утас болон төхөөрөмж эвдэрсэн, бүртгэлтэй гар утасны гарах, орох ярианы эрх хаагдсан эсхүл сүлжээнээс гарсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг зээлдэгч өөрөө хариуцах;
    15. 4.2.8. Аппликэйшнд өөрчилж болох аливаа мэдээлэл /Утасны дугаар, яаралтай үед холбоо барих гэр бүлийн гишүүний мэдээлэл, зээл хүлээн авах дансны дугаар гэх мэт/ өөрчлөгдсөн тохиолдолд Зээлдүүлэгчийн зааврын дагуу Аппликэйшнд шинэчлэн бүртгэж, баталгаажуулах;
    16. 4.2.9. Зээлдүүлэгчийн болон Банк, гуравдагч этгээдийн системийн доголдол, техникийн саатлаас үүдэн Зээлдэгчид давхар зээл олгогдсон, илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд тус мөнгөн хөрөнгийг зарцуулалгүйгээр Зээл олгогчид нэн даруй буцаан шилжүүлэх, хэрэв зарцуулсан бол тухайн мөнгөн хөрөнгөнд ногдох хүү, шимтгэлийн хамт бүрэн хэмжээгээр эргүүлэн төлөх;
    17. 4.2.10. Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас өөрт, эсхүл Зээл олгогч гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирлыг дангаар хариуцан бүрэн төлөх;
    18. 4.2.11. Зээлдэгч зээлжих чадвар, хувийн болон санхүүгийн сахилга батаа тодорхойлуулах зорилгоор холбогдох байгууллага болон E-Mongolia.mn төрийн мэдээлэл солилцооны системээс өөрөө бүрэн хүлээн зөвшөөрсний дагуу мэдээлэл өгөх;
    19. 4.2.12. Зээлдэгчийг танин баталгаажуулах, зээлжих зэрэглэл тогтооход шаардагдах мэдээлэл авахтай холбоотой төлбөр хураамж төлөх болсон тохиолдолд Зээл олгогчоос өөрөөр шийдвэрлээгүй бол тухайн төлбөр хураамжийг зээлдэгч хариуцах;
    20. 4.2.13. Аппликэйшныг ашиглан зээл авсан тул аппликэйшн дахь ямар санхүүгийн байгууллагаас зээл авсныг үл харгалзан “М Кредит”-д энэхүү гэрээний үүргийг гүйцэтгэх;
    21. 4.2.14. Энэхүү гэрээг цуцалсан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхтэй холбоотой төлбөр хураамжийг зээл олгогчоос өөрөөр шийдвэрлээгүй бол зээлдэгч хариуцах;
    22. 4.2.15. Энэхүү гэрээний төлбөрийг гаргуулахтай холбоотойгоор шүүх болон бусад төрийн байгууллагад нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгөхтэй холбоотойгоор нотариатаар гэрчлүүлэх зардлыг зээлдэгч хариуцах;
    23. 4.2.16. Хууль болон Гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэх
  5. ТАВ. ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
    1. 5.1. Зээлдүүлэгч нь дараах эрхтэй:
    2. 5.1.1. Энэхүү гэрээнд заасны дагуу Зээлдэгчид зээлийн эрх нээх эсэх шийдвэр гаргах, эсхүл Зээлдүүлэгчийн шаардлага хангаагүй бол зээлийн эрх нээхээс татгалзах;
    3. 5.1.2. Зээлдэгчийн зээлийн эрх болон зээлжих эрхийн дээд хэмжээг тогтмол хянах, түүнийг нэмэгдүүлэх, бууруулах, Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зээлийн эрхийг түдгэлзүүлэх, түр болон бүр мөсөн хаах, зээл олгох болон зээлийн эрх нээхээс татгалзах;
    4. 5.1.3. Зээлдэгчид скоринг оноо, зээлийн эрхийн дээд хэмжээг тогтоох аргачлалыг бие даан боловсруулж тодорхойлох ба Зээлдэгчид дэлгэрэнгүй тайлбарлах үүрэг хүлээхгүй байх;
    5. 5.1.4. Зээлдэгчид урамшууллын оноо тооцож олгох, түүнийг ашиглах бодлого аргачлалыг тодорхойлох, Зээлдэгчид урамшууллын оноо олгох, эс олгох, зэрэглэлийг бууруулах, олгогдсон оноог хасах зэрэг шийдвэрийг дангаар гаргах;
    6. 5.1.5. Энэ гэрээнд заасан зээлийн бүтээгдэхүүн, зээлийн эрхийн ерөнхий стандарт, нөхцөлийг зээлдэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх ба өөрийн мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулснаар мөрдөж эхлэх;
    7. 5.1.6. Зээл болон зээлийн хүүг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хоцорсон хугацаанд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож төлбөрийг төлүүлэх буюу эргэн төлүүлэхэд шаардлагатай хуульд заасан бүхий л арга хэмжээг авах;
    8. 5.1.7. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй тохиолдолд өөрийн эрхийн хүрээнд зээлдэгчийг Монголбанкны мэдээллийн санд зээлийн ангиллыг бууруулах, харилцагчийн зээлийн гэрээг цуцалж зээлийг төлүүлэх ажиллагааг боломжит хэлбэрээр гүйцэтгэх, бусад эд хөрөнгөөр хангуулах;
    9. 5.1.8. Зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээлтэй эсэх талаар мэдээллийг хэрэглэгчийн хүсэлтээр дамжуулан авах;
    10. 5.1.9. Зээл олгогч санхүүгийн байгууллагад болон шаардлагатай бусад этгээдэд зээлдэгчийн зээл авахтай холбоотой гаргасан мэдээллийг нийлүүлэх;
    11. 5.1.10. Хууль тогтоомжид заасан бусад эрх.
    12. 5.2. Зээлдүүлэгч нь дараах үүрэгтэй:
    13. 5.2.1. Энэхүү Гэрээнд заасны дагуу Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээл олгох;
    14. 5.2.2. Гэрээний хүчинтэй хугацаанд Зээлдэгчийн зээлийн эрхийн хэмжээг өөрчлөх хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл зааварчилгаагаар хангах;
    15. 5.2.3. Зээлийн эргэн төлөх хугацааг Зээлдэгчид сануулах, мэдэгдэл илгээх;
    16. 5.2.4. Зээлдэгчийн өгсөн аливаа нууц мэдээллийг хадгалах, зээлийн шийдвэр болон зээлийн үйлчилгээтэй холбоотойгоор болон үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад байдлаар ашиглахгүй байх;
    17. 5.2.5. Хууль болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэх.
  6. ЗУРГАА. БАТАЛГАА, ЗӨВШӨӨРӨЛ

    6.1. Зээлдэгч нь энэхүү Гэрээг байгуулахдаа дараах баталгааг гаргасан болно.Үүнд:

    1. 6.1.1. Энэхүү гэрээг байгуулах өдөр буюу түүнээс өмнөх хугацаанд хамрагдах Зээлдүүлэгчид мэдэгдээгүй ямар нэгэн өр, төлбөр, төлбөрийн маргаан, шүүхийн процесс, үүрэг хариуцлага байхгүй гэдгийг зээлдэгч үүгээр баталж байна.
    2. 6.1.2. Энэхүү гэрээний дагуу зээлдэгчээс Зээлдүүлэгчид гарган өгсөн бүх баримт бичиг болон аппликэйшнд зээлдэгчийн оруулсан мэдээллийн баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд ямар нэгэн чухал баримт, мэдээллийг талаар худал мэдэгдээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал баримт, мэдээллийг орхигдуулаагүй болно.
    3. 6.1.3. Аппликэйшнд гарч буй зээлийн түүх төлбөрийн хэмжээ зэрэг мэдээлэл нь үнэн зөв бөгөөд хэрэв зөрүүтэй гэж үзсэн тохиолдолд зээлдэгч зээлдүүлэгчид тухай бүрд мэдэгдэнэ.
    4. 6.1.4. Нууц хадгалах: Талууд гэрээ байгуулснаар нөгөө талынхаа хувийн болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар нөгөө талдаа гэм хор учруулахаар ашиглахгүй, Монгол улсын хууль тогтоомжид зааснаар болон гэрээ, үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй.
    5. 6.1.5. Зээлдэгч нь өөрийн сонгон оруулсан аливаа дансны мэдээлэл шаардах эрх үүсэх үндэслэл болон төлбөрийн үүрэг, түүний зориулалт, зээл, төлбөрийн хэмжээ, төлөх процесс болон бусад мэдээллийг алдаатай, дутуу эсхүл үнэн зөв бөглөөгүйгээс үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг гэрээнд туссан эрх үүргийнхээ дагуу дангаар нь бүрэн хариуцахаа үүгээр баталж байна.
    6. 6.1.6. Ирээдүйд олох орлого, цалин хөлс, бусад орлогоо барьцаалан зээл авсан зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол уг барьцаагаар үүргийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр баталж байна.
    7. 6.1.7. Энэхүү гэрээг байгуулсан өдрөөс хойш гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.

    6.2. Зээлдэгч нь энэхүү Гэрээгээр дараах зөвшөөрлийг Зээлдүүлэгчид олгосон бөгөөд дахин бичгээр болон аливаа хэлбэрээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд:

    1. 6.2.1. Зээлдэгч миний бие Аппликэйшнаар дамжуулан илгээсэн цахим зээлийн хүсэлт нь Зээлдүүлэгчийн зээлийн гэрээ, нөхцөл, шимтгэл, хүү, эргэн төлөх нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гаргасан албан ёсны хүсэлт болно.
    2. 6.2.2. Зээлдэгч би зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд, зээлээ бүрэн төлөх хүртэлх хугацаанд дахин зээл авах эрх болон зарлагын гүйлгээг түр хязгаарлахыг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    3. 6.2.3. Зээлжих чадвар, Цахим зээлийн эрхийн хэмжээг тогтоох зорилгоор холбогдох байгууллага болон E-Mongolia.mn төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой веб портал системээс миний цахим үнэмлэхийн мэдээллийг авахыг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    4. 6.2.4. Зээлдэгч миний бие аппликэйшнаас зээл авсны хувьд зээлийн эргэн төлөлт, хугацаа хэтрэлтийн талаар аппликэйшнд бүртгүүлсэн өөрийн холбоо барих утасны дугаар болон шаардлагатай үед холбоо барих байгууллагын дугаар, ойр дотны хамаарал бүхий хүмүүсийн утасны дугааруудаар дамжуулан саадгүй холбоо барьж болохыг Зээлдүүлэгчид энэхүү гэрээгээр зөвшөөрч байна.
    5. 6.2.5. “М Кредит” аппликэйшнаар дамжуулан Зээлийн эрх нээх цахим гэрээ, Үйлчилгээний нөхцөл болон бусад нөхцөлүүдтэй бүрэн уншиж танилцан хүлээн зөвшөөрснийг илтгэх цахим хэлбэрээр зурсан гарын үсэг нь 2 талын бичгээр байгуулсан гэрээтэй нэгэн адил хуулийн өмнө хүчин төгөлдөрт тооцохыг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    6. 6.2.6. Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас баталсан журам, зааварчилгааны хүрээнд Монгол банкны Зээлийн мэдээллийн санд Зээлдэгч миний Зээлдүүлэгчээс авсан зээлийн талаарх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд өгөхийг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    7. 6.2.7. Зээлдэгч миний хувийн мэдээллийг энэхүү судалгаа шинжилгээ, Зээлдүүлэгчийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хамтран ажиллаж буй байгууллагуудад ашиглуулах, шилжүүлэхийг Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.
    8. 6.2.8. Зээлдэгч гар утсаа бусдад ашиглуулсан, аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг, пин кодоо бусдад дамжуулсан, бусад холбогдох нэг удаагийн код, нэвтрэх нэр, пин кодоо бусдад дамжуулж ашиглах боломж олгосон, энэхүү гэрээнд заасан гар утасны дугаар, бусад мэдээлэл өөрчлөгдсөн, талаарх болон бусад мэдэгдлийг зээл олгогчид мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, зээлийн болон бусад төлбөрийн үүргийг зээлдэгч өөрөө бүрэн хариуцахаа Зээлдүүлэгчид зөвшөөрч байна.

    6.3. Цахим шуудангийн хаяг баталгаажуулалт

    1. 6.3.1. Зээлдэгч нь энэхүү Гэрээнд болон “М Кредит” аппликэйшнд бүртгүүлсэн өөрийн .............................. цахим шуудангийн хаяг (e-mail) нь өөрийн эзэмшил, байнгын ашиглалтад байдаг, үнэн зөв, бодит хаяг болохыг үүгээр баталгаажуулж байна.
    2. 6.3.2. Зээлдэгчийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг нь Зээлдүүлэгчээс Зээлдэгчид хаяглан илгээх гэрээ, нэмэлт өөрчлөлт, мэдэгдэл, сануулга, нэхэмжлэл, шаардлага, шүүх болон эрх бүхий байгууллагад хүргүүлэхтэй холбоотой аливаа баримт бичгийг хүргэх албан ёсны харилцааны суваг байна.
    3. 6.3.3. Зээлдэгчийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаягт илгээсэн аливаа мэдэгдэл, баримт бичгийг Зээлдэгч хүлээн авсанд тооцох бөгөөд бодитоор уншсан, эсхүл уншаагүйгээс үл хамааран хууль зүйн хүчин төгөлдөр мэдэгдэлд тооцно.
    4. 6.3.4. Зээлдэгч нь цахим шуудангийн хаяг өөрчлөгдсөн, ашиглах боломжгүй болсон тохиолдолд Зээлдүүлэгчийн зааврын дагуу Аппликэйшнд нэн даруй шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү шинэчлэн бүртгүүлээгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг Зээлдэгч өөрөө бүрэн хариуцна.
  7. ДОЛОО. ХАРИУЦЛАГА
    1. 7.1. Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй бол Зээлдүүлэгч нь Зээлдэгчид дараах арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэнэ.
    2. 7.1.1. Нэмэгдүүлсэн хүү тооцох;
    3. 7.1.2. Зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд цахим зээлийн эрхийн зарлагын гүйлгээг түр хязгаарлах;
    4. 7.1.3. Зээлдүүлэгчээс тогтоосон журмын дагуу хэрэглэгчийн зэрэглэл бууруулах;
    5. 7.1.4. Монголбанкны мэдээллийн санд хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан ангилал бууруулж бүртгэх;
    6. 7.1.5. Зээлдэгч гар утсаа бусдад ашиглуулсан, Аппликэйшнд нэвтрэх нэр нууц үг, пин кодоо бусдад дамжуулсан, бусдад ашиглах боломж олгосон, энэхүү Гэрээнд заасны дагуу гар утасны дугаар, бусад мэдээлэл өөрчлөгдсөн талаарх болон бусад мэдэгдлийг Зээлдүүлэгчид мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн аливаа хариуцлага, зээлийн болон бусад төлбөрийн үүргийг Зээлдэгч өөрөө бие даан бүрэн хариуцна;
    7. 7.1.6. Зээлдэгчийн аппликэйшнд оруулсан мэдээллийн зөрүүтэй байдлаас үүссэн ямар нэгэн хариуцлагыг Зээлдүүлэгч хүлээхгүй болно.
  8. НАЙМ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ
    1. 8.1. Энэхүү Гэрээ нь хүчин төгөлдөр болсноос хойш уг гэрээний 8.2-т заасны дагуу гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
    2. 8.2. Энэхүү гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:
    3. 8.2.1. Зээлийн төлбөргүй Зээлдэгч гэрээг дуусгавар болгохоор “М Кредит” аппликэйшнд хүсэлт гаргасан бол;
    4. 8.2.2. Зээлдэгч зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан;
    5. 8.2.3. Зээлдэгч зээлийн эрхийн хүрээнд ашигласан зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээлийн сахилга батгүй байж энэхүү гэрээний заалтыг зөрчсөн.
    6. 8.2.4. Зээлдэгч өөрийн мэдээлэл, зээлийн түүх, барьцаа хөрөнгийн талаар хуурамч мэдээ мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол;
    7. 8.2.5. Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн бол;
    8. 8.2.6. Зээлдүүлэгчид худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт, бүртгэл хийсэн эсвэл бусдын мэдээлэл, бичиг баримтыг ашиглан зээл авсан бол;
    9. 8.2.7. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл Гэрээний зөрчлийг арилгах талаар Зээл олгогчоос тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол;
    10. 8.2.8. Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон;
    11. 8.2.9. Зээлдэгч нь Цагдаагийн Ерөнхий газраас эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл Монгол улсын шүүхийн шийдвэрээр ял шийтгэл авсан;
    12. 8.2.10. Хуульд заасан бусад үндэслэлээр;
    13. 8.3. Гэрээг ББСБ-ын санаачилгаар цуцлах тохиолдолд Хэрэглэгчид имэйл эсхүл бусад боломжит хувилбараар мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанаас эхлэн гэрээг цуцлагдсанд тооцогдоно.
    14. 8.4. Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон тохиолдолд түүний энэхүү Гэрээгээр хүлээсэн үүрэг түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ.
    15. 8.5. Гэрээний хугацаа дууссан, гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан нь зээлийн нийт төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
    16. 8.6. Цахим зээлийн гэрээний хугацаа 1 /нэг/ жил ба энэ хугацаа нь энэхүү гэрээг байгуулсан өдрөөс тооцогдоно. Зээлдэгч эргэн төлөлтийн аливаа зөрчилгүй бөгөөд талууд гэрээг дуусгавар болгох талаар аливаа санал мэдэгдэл гаргаагүй бол гэрээ нь дахин 1 /нэг/ жилийн хугацаагаар автоматаар сунгагдана. Энэхүү хугацааг талууд Аппликэйшнаар дамжуулан сунгаж болно.
  9. ЕС. ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
    1. 9.1. Зээлдүүлэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээ болон үйлчилгээний ерөнхий нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн баталж Зээлдэгчдэд санал болгох тохиолдолд энэ тухай Зээлдэгчдэд Аппликэйшн болон бусад хэлбэрээр дамжуулан мэдэгдэх ба ийнхүү мэдэгдсэнээр нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
    2. 9.2. Зээлдүүлэгч нь шинээр зээлийн бүтээгдэхүүн болон бусад санхүүгийн үйлчилгээг Зээлдэгчид санал болгож, Зээлдэгч уг үйлчилгээг авахаар хүсэлт гаргасан бөгөөд тус бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл нь энэхүү Гэрээнд зааснаас ялгаатай бол нэмэлт гэрээг Аппликэйшнаар дамжуулан цахимаар үйлдэж, Талууд цахим хэлбэрээр баталгаат гарын үсэг зурж, эсхүл түүнтэй адилтгах хэлбэрээр баталгаажуулсан (Аппликэйшн дээр цахимаар сонголт хийх, хүсэлт илгээх, зөвшөөрөх баталгаажуулах үйлдэл хийх зэргээр бодитоор хүсэл зорилгоо илэрхийлсэн)-аар хүчин төгөлдөр болно.
    3. 9.3. Нэмэлт, өөрчлөлтүүд нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг бөгөөд энэхүү Гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.
  10. АРАВ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
    1. 10.1. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, гэмтэл, сүлжээний хэвийн ажиллагаанаас хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, ханган нийлүүлэгч, эсхүл энэхүү Гэрээгээр үзүүлэх үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернэт, тог цахилгааны тасалдал зэрэг урьдчилан таамаглах боломжгүй, талуудын хяналтаас гадуур бий болсон аливаа үйл явдлыг ойлгоно.
    2. 10.2. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аль нэг тал нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь талуудын эрх ашгийг хөндөхгүй бол тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилгах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж болно.
    3. 10.3. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал нь нөгөө Талдаа энэхүү хүчин зүйлийн талаар нэн даруй мэдэгдэх ба шаардлагатай бол нотлох баримтыг гаргуулахаар нөгөө тал шаардаж болно.
    4. 10.4. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тал нь энэ тухай нөгөө талд мэдэгдэж, хойшлуулсан үүргээ биелүүлж эхэлнэ.
  11. АРВАН НЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
    1. 11.1. Энэхүү гэрээ нь Монгол улсын хууль тогтоомжид үндэслэсэн бөгөөд энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй асуудлыг Монгол улсын холбогдох хууль, бусад холбогдох тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээний зүйл заалтыг нэн тэргүүнд баримтална.
    2. 11.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд нэн тэргүүнд харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
  12. АРВАН ХОЁР. БУСАД ЗҮЙЛ
    1. 12.1. Энэхүү гэрээ талууд цахим гарын үсэг зурснаар (техник технологийн шийдлийг ашиглан тохиролцоог хүлээн зөвшөөрснөөр) хүчин төгөлдөр болох бөгөөд цаашид Зээлдүүлэгчээс зээлдэгчид өгөх зээлийн эрх, Зээлдүүлэгчийн шинээр гаргах зээлийн бүтээгдэхүүн болон бусад санхүүгийн үйлчилгээний хэрэглэгчийн эрхийг үүгээр нээх буюу баталгаажуулж байгаа болно.
    2. 12.2. Энэхүү гэрээний салшгүй хэсэг болох зээлийн хүсэлтээр авсан зээл тус бүрээр хүлээсэн үүргийг талууд чанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн хүсэлт, шаардах эрх шилжүүлэх тухай мэдэгдэл болон М Кредит аппликэйшн ашиглан гаргасан аливаа мэдэгдэл, баталгааг зөрчвөл энэхүү гэрээг зөрчсөнтэй адилтган үзнэ.
    3. 12.3. Талууд гэрээний нэмэлт өөрчлөлтийг цахимаар үйлдэж, цахим хэлбэрээр гарын үсэг зурж эсвэл түүнтэй адилтгах хэлбэрээр баталгаажуулсныг бичгээр үйлдсэнтэй адил гэж үзнэ. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.
    4. 12.4. Зээлдүүлэгч нь шинээр гаргах зээлийн бүтээгдэхүүн болон бусад санхүүгийн үйлчилгээ гаргасан бол, Зээлдэгч болон Зээлдүүлэгч нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг энэхүү гэрээний хавсралтаар тохиролцож болно.
    5. 12.5. Хавсралт буюу нэмэлт гэрээг цахимаар үйлдэж талууд цахим хэлбэрээр гарын үсэг, эсхүл түүнтэй адилтгах хэлбэрээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.
    6. 12.6. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд нэн тэргүүнд харилцах тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ. Тохиролцооны замаар шийдвэрлэж чадаагүй бол маргааныг Монгол Улсын Шүүхээр шийдвэрлүүлнэ.
    7. 12.7. Энэхүү гэрээтэй холбоотой аливаа мэдэгдэл, албан бичгийг ЗЭЭЛДҮҮЛЭГЧ-нь “М Кредит” аппликэйшнаар дамжуулан зээлдэгчид хүргэснээр, албан ёсны хаягаар хүргүүлж хүлээн авсан буюу танилцсантай адил гэж үзнэ.
    8. 12.8. Энэхүү гэрээг болон гэрээний холбогдох бусад баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх тохиолдолд зардлыг зээлдэгч хариуцан төлнө.
    9. 12.9. Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй бусад харилцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.